Энэ амралтын өдрүүдэд буюу 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, 17-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
Өнгөрсөн хоногт буюу хоёрдугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн өмнөд болон хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-17.0 мм цас оржээ.
Үүнээс хамгийн их нь Ховдын Үенч 17.0 мм, Алтай 16.0 мм, Байтаг 14.0 мм, Баян-Өлгийн Булган 9.0мм, Увсын Түргэнд 6.0 см, Завханы Их Уул, Архангайн Жаргалант, Өндөр-Улаан, Булганы Дашинчилинд 4.0-4.8 мм, бусад нутгаар 0.0-3.5 мм цас орсон байна.