УОК-ын Шуурхай штабаас нийслэлийн хэмжээнд үүсээд байгаа халиа тошингийн нөхцөл байдалтай холбогдуулан газар дээр нь ажиллаж, тулгамдаж байгаа асуудлын талаар албаныхантай санал солилцлоо.

Нийслэлийн хэмжээнд жил бүр халиа тошин үүсдэг 18 цэг бий. Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад бүр илүү их хэмжээгээр үүсэж, эрсдэл нэмэгдсэн талаар оршин суугчид болон албаныхан хэлж байлаа.

skip-share

110 айлд мэдэгдэл хүргүүлсэн, түүнээс 40 гаруй нь нүүгээгүй үлдээд байна

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 7, 41, 26 дугаар хороонд гурван байршилд халиа дошин үүсэж, эрсдэл бүхий бүсэд 70 айл өрх байгаа бөгөөд одоогоор усанд автсан айл өрх байхгүй.

Сүхбаатар дүүргийн 15, 18, 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд хөрсний ус ихээр гарч гудамж талбай, авто зам, айл өрхийн хашаанд халиа дошин үүсч, нөхцөл байдал хүндэрсэн нөхцөл байдалтай байв.  Дээрх хороодын халианд өртсөн нийт 42 айл өрх, эрсдэлтэй нөхцөлд байгаа  бөгөөд мөсөөр далан байгуулан усны урсгалыг сэргээх, хаягдал мөсийг цэвэрлэн тээвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Харин Баянзүрх дүүргийн хэмжээнд 15,11,29,33 дугаар хороонд нийт 11 байршилд халиа дошин үүссэн учраас 1380м суваг татаж, 110м урттай түр мөсөн далан босгож, хариу арга хэмжээг тухай бүрд авч ажиллаж байна.
 
Цаашид ч нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа учраас халиа тошинд өртсөн айл өрхийн аюулгүй байдлыг хангах, мөсийг нэн даруй зөөж тээвэрлэх, далан босгох, суваг шуудуу татах, лаг хагшаас, хог хаягдлыг цэвэрлэж, ус чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн найдвартай ажиллагааг хангах, хаврын шар усны үер, зуны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байгааг энэ үеэр мэдээллээ.

“ЦЭЦЭРЛЭГ ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙГАА Ч ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛД ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ХЭМЖЭЭНД ХҮРНЭ”

Нийслэлийн СБД-ийн 20 дугаар хороонд байрлах 217-р цэцэрлэгийн эрхлэгч Л.Хулан:
– Манай цэцэрлэг 154 хүүхэдтэй. Бид өөрсдийн боломжоороо халиа тошинг багасгаад байгаа нь энэ юм. Хойд талд байдаг Дэнж хотхоны оршин суугчид техник тоног төхөөрөмж оруулахгүй хэмээн эсэргүүцээд байгаа тул мөсийг цааш багасгах боломжгүй болоод байна. Уг нь иргэдтэйгээ хэлэлцэж чадвал эцэг эх, ажилтнууд техник оруулах боломжгүй газар гараараа суваг шуудууг сэтлэх боломж бий. Манай цэцэрлэг цэвдэгтэй газар баригдсан юм билээ. Өмнө нь халиа тошин үүсдэг байсан ч энэ жилийнх шиг арай ийм их хэмжээний ус гарч байгаагүй. Тиймээс цэцэрлэгийн барилга халиа тошинд өртөх эрсдэлтэй нүүр тулаад байна. Одоо цэцэрлэг хэвийн ажиллаж байгаа ч эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхэд хүүхдүүдээ хүлээж авах боломжгүй хэмжээнд хүрнэ.

“ҮЕРИЙН ДАЛАН БАРИХ ДӨРВӨН ЖИЛИЙН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ”

СБД-ийн 20-р хорооны Засаг дарга С.Нэргүй:
– Шар усны үерт өртөх эрсдэлтэй 50 орчим айл байгаа бол одоогоор халиа тошинд өртөж байшин, гэрийнх нь суурийг давж усанд автсан таван айл бий. Жил бүр халиа тошин үүсдэг ч энэ жил илүү их хэмжээгээр гарч байна. Өнгөрсөн жил бид НҮБ-ийн үерийн далан барих төсөлд хамрагдсан ба төсөл дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ. Далан баригдсан ч мэдээж халиа тошин үүсэхээ болино гэж байхгүй ч үүсэх эрсдэлийг багасгах боломжтой юм.

“НҮҮХИЙГ ШААРДАХАД ҮГ АВАХГҮЙ, ОЙЛГОХГҮЙ ИРГЭД ИХ БАЙНА”

СБД-ийн ЗДТГ-ын Тохижилт, үйлчилгээ аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон:
Эрсдэлээс сэрэмжлүүлж нүүхийг шаардахад үг авахгүй, ойлгохгүй иргэд их байна. “Би сүүлийн 20-30 жил энд амьдарч байна. Муу зүйл болохгүй, сайн мэдэж байна” гэх тайлбарыг хэлээд хөдөлдөггүй. Ийм уул овоо шиг мөсөн дээр хүний гараар буюу лоом ашиглаж арга хэмжээ авна гэж байхгүй. Зөвхөн техник тоног төхөөрөмж л ашиглах боломжтой. 18-р хороонд 4-5 метр мөсөн далан босгосон, тэгэхээс өөр сонголт байхгүй байлаа. Доороо нэлийсэн ус хуримтлагдан урсаж байна. 110 айлд мэдэгдэл хүргүүлсэн, түүнээс 40 гаруй нь нүүгээгүй үлдээд байна. Үлдсэн нь хавар ирнэ гээд нүүгээд явсан. Угаас хүн амьдрах нөхцөлгүй болсон. Зарим айл нь хавар ирээд газар, байшингаа зарчихна, түүнийг нь мэдэхгүй айл авчихдаг тохиолдол цөөнгүй гардаг.

“ЭРТ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ЯАРАЛТАЙ АВАХ ШААРДЛАГАТАЙ”

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр:

Халиа тошингоос гадна шар усны үер болох эрсдэл бий. Мөсөн далан байгуулсан ч хайлна, уулнаас ус урсаж орж ирнэ, өнгөрсөн жилийн үерийн уршиг, дутуу далангууд бий гээд эрсдэл өндөр байна. Мөн үүнд усанд автсан айл өрх, цаашид ч өртөх эрсдэлтэй айл өрхүүд байна. Онцгой байдлын алба хаагчид ийм үед лоом бариад мөс цэвэрлэх нь туйлын хүнд. Мэргэжлийн инженерийн арга техникээр жижиг тэсэлгээ хийж урсацыг нэмэгдүүлэх гэх мэт аргыг ашиглахгүй бол эрсдэл байсаар байна. Инженерийн тооцооллоос гадна иргэдийн хувийн өмчлөл, газар зохион байгуулалттай холбоотой асуудал юм. УОК Шуурхай штаб, Нийслэлийн удирдлагатай хамтран эрт хариу арга хэмжээ шат дараатай хэрэгжүүлж, нөхцөл байдал хүндэрсэн үед ч хариу арга хэмжээ авахаар ажиллана. Түүнээс өмнө хүн хүч, элс хайрга, техник хэрэгслээ бэлдчихсэн байх шаардлагатай байна.