2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүрэг, Холбооны бүгд найрамдах Герман Улсын Герман Монголын нийгэмлэгийн хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Тус санамж бичгийн хүрээнд Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ХБНГУ-ын Бонн хот болон ХБНГ Улсын Герман Монголын нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах болон иргэний нийгмийн тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих зорилгоор “Миний амьдарч буй дүүрэгт тогтвортой хөгжлийг хэрхэн хангах вэ” төслийг танилцуулах нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүрэг дээр зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Шижир, Л.Отгонцэцэг, С.Эрдэнэцэцэг, Э.Чинзориг, Ц.Цогт-Од, дүүргийн 1-20 дугаар хорооны иргэд болон цахимаар ХБНГУ-ын Герман Монголын нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Карстэн Виттке нар оролцлоо.

ИТХ-ын дарга Б.Энхболд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ:

Анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийг санаачлан 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 сарын 1-нээс албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжүүлж эхэлсэн.

Сүхбаатар дүүргийн хувьд дээрх зорилтоос Эрүүл мэндийг дэмжих зорилтын хүрээнд дүүргийн нэгдсэн эмнэлгийг 2024 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Мөн чанартай боловсролыг дэмжих зорилгоор ЕБС-ын хүртээмжийг сайжруулж сурагчдыг 3 ээлжээр хичээллүүлэхгүй байх, иргэдэд ээлтэй хотыг бий болгох тэдний оролцоог дэмжих замаар хог хаягдлыг ангилан ялгах менежментийг сайжруулах ажлыг зохион байгуулж холбогдох төсөв, хөрөнгийг шийдвэрлэх асуудлыг дүүргийн ИТХ-аараа хэлэлцэн дүүргийн төсөв дээр тусган ажиллаж байгаа талаар дурдсан юм.

Мөн энэ үеэр Герман Монголын хамтын ажиллагааны хөгжлийн төслүүдийн зохицуулагч Ш.Болор

-Герман Монголын нийгэмлэгийн тухай,

-Тогтвортой хөгжлийн 17 зорилгын тухай

-Иргэдийн оролцоог хангах нь: Хөвсгөл аймгийн Мөрөн хот болон нийслэлийн Баянгол дүүрэгт хэрэгжүүлсэн төслийн талаар товч танилцуулж иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч санал солилцлоо.