Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор 1-20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Их цэвэрлэгээгээр 1630 аж ахуйн нэгж байгууллага, 3400 гаруй иргэн оролцож, 165319м2 айл өрхийн гадна хашаа, нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, хүүхдийн тоглоомын талбай, үерийн байгууламжийн далан, гуу жалганы хог хаягдал, шарилж лууль, хөл газрын ургамал цэвэрлэв. Нийтдээ 32 хог тээврийн машин 331 рейс буюу 1159тн хог хаягдал, шарилж луулийг зориулалтын хогийн цэгт тээвэрлэсэн байна.