Уур амьсгалын өөрчлөлтөөс олны эрүүл мэндэд учирч буй өөр нэгэн аюул нь “зомби вирусүүд” болж байна

Вирологч Жан-Мишель Клаверигийн нээлтүүд хэдэн мянганы турш хөлдүү байсан газрыг гэсгээж эхэлсэн дэлхийн дулаарлын таагүй бодит байдлыг тодотгон харуулж байна. Өдгөө 73 настай Жан-Мишель Клавери “эртний” вирусүүдийг судлахад амьдралынхаа 10 гаруй жилийг зориулсан бөгөөд тэдгээрийн дунд Сибирийн мөнх цэвдгийн гүнээс олдсон 50 мянган жилийн настай вирус ч байгаа аж.

Манай гараг аж үйлдвэржилтийн өмнөх үеэс аль хэдийн цельсийн 1.2 хэмээр дулаарч, эрдэмтэд 2030-аад он гэхэд Хойд мөсөн далай зундаа мөсөн бүрхүүлгүй болно гэж таамаглаж байгаа юм. Тус бүс нутгийн цэвдэг хайлснаар доор нь хуримтлагдсан метан зэрэг хүлэмжийн хий агаар мандалд ялгарах нь олон судалгаагаар баталгаажсан бол харин унтаа байдалд буй патогены аюул төдийлөн сайн судлагдаагүй хэвээр байна.

Өнгөрсөн онд Жан-Мишель Клаверигийн баг Сибирийн мөнх цэвдгээс олон тооны эртний вирус гаргаж авсан тухай, мөн тэдгээр нь бүгд халдварлах чадвартай хэвээр байсан тухай судалгаагаа хэвлүүлжээ.